2018-04-12
Шинжлэх ухаан болон бидний үнэний эрэл хайгуул
Таны арьсан дээр батга гарч арьсны эмч дээр очиход цусыг тань ханаж эмчлэх шаардлагатай гэж хэлж байна хэмээн та төсөөлж чадах уу? Энэ нь танд утгагүй мэт сонсогдож болох ч хоёр зууны өмнө амьдралаас хол зүйл байгаагүй юм. Тэр үед их хэмжээний цус ханах нь бараг ямар ч эрүүл мэндийн асуудалд, тэр дундаа ходоодны хямрал, галзуурал, бүр батганд хүртэл хэрэглэгддэг жишиг эмчилгээнд тооцогддог байв. Үүнд хэн ч эргэлздэггүй байв. Яалаа гэж эргэлзэх вэ дээ? Эцсийн эцэст цус ханах аргыг олон мянган жилийн турш өөр өөр олон соёл иргэншилд ашиглаж ирсэн байна. Эмч нар анагаах ухааныг шинжлэх ухааны өнцгөөс харж эхлэхээс өмнө хүмүүс энэ арга барилд эргэлзэж байсангүй. Эцэст нь цус ханахыг илүү нарийн шинжлэн үзсэний дараа эмч нар тодорхой, цөөн тооны өвчнөөс бусад нөхцөлд ашиглахаа больсон юм.1 Энэ түүхэн жишээнээс бид итгэл үнэмшил нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, удаан хугацааны турш оршин тогтносон учраас заавал үнэн байна гэсэн үг биш гэдгийг харж болно. Түүнээс гадна шинжлэх ухаан жинхэнэ үнэнийг ил гаргахад туслах гайхалтай хэрэгсэл болж чадна гэдгийг бид харж байна. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд энэ бол том асуудал юм. Үнэнийг мэдэх нь бодит шийдвэр гаргахад (“Үгүй ээ, би өнөөдөр цусаа хануулахгүй, баярлалаа”) илүү сайн үндэслэл болоод зогсохгүй сайн мэдээний талаарх ойлголтод маань нэмэр болдог. Ерөнхийлөгч Бригам Янгийн (1801–1877) зааснаар “Сайн мэдээнд хамаардаггүй үнэн гэж үгүй. … Хэрэв та тэнгэрт [эсвэл] дэлхий дээр ямар нэгэн үнэнийг олбол … энэ нь манай сургаалд хамаатай гэсэн үг.”2 Яагаад, хэрхэн хоёрыг харьцуулж үзвэл Мэдээж, бид шинжлэх ухаан бидний мэддэг үнэнд хэрхэн хувь нэмэр оруулдаг талаар ярихдаа ямар төрлийн үнэнийг шинжлэх ухаан нээн илрүүлж, ямрыг нь нээн илрүүлж чадахгүйг ойлгодог байх ёстой. Үүнийг олж мэдэх нэг арга бол шинжлэх ухаан ямар төрлийн асуултад хариулж эсвэл хариулж чадахгүй гэдгийг асуух арга юм. АНУ-ын Нью Йоркийн Ренсселиер Политехникийн Дээд Сургуулийн химийн инженерийн ангид суралцаж байсан Эллэн Мангрум эгч: “Шинжлэх ухаан яаж гэдгийг тайлбарладаг. Гэхдээ яагаад гэдгийг тайлбарлаж чаддаггүй” гэж хэлсэн. Тэрээр цааш хэлэхдээ, шашин бол дэлхий яагаад бүтээгдсэн, бид яагаад энд ирсэн гэх мэт учир шалтгааныг тайлбарладаг гэж хэлэв. Алдарт физикч Альбэрт Эйнштэйн ч гэсэн шашин, шинжлэх ухаан хоёр бие биеэ харилцан нөхөхийн зэрэгцээ өөр өөр зорилготой гэдэгт итгэдэг байв. “Шинжлэх ухаан зөвхөн юу гэдгийг нь олж тодорхойлдог ч, юу байх ёстой вэ гэдгийн учир шалтгааныг олж тодорхойлж чаддаггүй.” “[Шинжлэх ухааны] хүрээнээс гадуур бүх төрлийн үнэлж цэгнэдэг сэтгэлгээ шаардлагатай хэвээр байдаг”3 гэж тэр бичжээ. watering a plant Энэ нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд юу гэсэн үг вэ? Бид юун түрүүнд шинжлэх ухааны ойлголт хувьсан өөрчлөгдөнө гэдгийг мэднэ. Эцсийн эцэст шинжлэх ухаан бидэнд эргэн тойрныхоо дэлхий ертөнцийн “хэрхэн” хэмээх зүй тогтлыг илүү сайн ойлгоход туслах арга замыг олохыг хичээхийг хэлдэг билээ. Үүнийг мэдсэнээр бид амьдралын “яагаад”-ыг эсвэл “байх ёстой” гэсэн зүйлсийг ойлгохын тулд сүүлийн үеийн судалгааг судлах шаардлагагүй юм. Бид зөв, буруугийн хооронд шийдвэр гаргахдаа Есүс Христийн өөрчлөгдөшгүй сайн мэдээнд итгэж, туслалцаа авч болно.
Бичсэн: пүрэвханд УАУ | цаг: 22:16 | шинжлэх ухаан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)